Тулаан 2. “Челси” – “Барселона” 4:2 2005.03.08, “Стэмфорд Бриж”

Хэдийгээр өмнөх тоглолтод нэг гоолын зөрүүтэй ялагдсан ч хариу тоглолтыг нутагтаа хийх болсон “Челси”-гийн давуу тал байсан. Лондонд болсон тэрхүү тоглолт Аваргуудын лигийн сонгодог тулаануудын нэг болон түүхэнд үлджээ. Европын хоёр супер багийн тэмцэлээс гадна Жозе Моуриньо – Франк Райкаард гэсэн хоёр шилдэг дасгалжуулагчийн өрсөлдөөн энэ цувралыг үнэндээ чимж байв. Хариу тоглолтод Жон Терри, Карлес Пуйоль нарын дэлхийн шилдэг хамгаалагчид багаа ахлан гарч ирсэн бөгөөд тоглолтыг “Харь гаригийн хүн” хочит алдарт Пьерлуижи Коллина шүүн явуулсан билээ.

“Челси”-гийн гарааны бүрэлдэхүүнд хаалгачаар Чех, хамгаалагчдаар Феррейра, Терри, Карвалью, Галлас, хагас хамгаалагчдаар Коул, Макелеле, Лампард, Дафф, довтлогчдоор Кежман, Гудьонсен гарчээ. Харин Райкаард багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд хаалгач Вальдес, хамгаалагч Беллетти, Пуйоль, Олегер, ван Бронкхорст, хагас хамгаалагч Чави, Херард, Деку, довтлогч Жюли, Это”О, Роналдиньо нараа илгээв. “Барса”-гийн шилдэг хамгаалагч Рафаэль Маркес гэмтлийн улмаас хариу тулааныг өнжиж, үүний оронд үе үе томоохон алдаа гаргачихаад байдаг Олегер гарааны бүрэлдэхүүнд багтсан нь нь битүүхэндээ каталоны багийн хөгжөөн дэмжигчдийн санааг зовоож байлаа.

Ингээд л цусгүй тулаан эхэлдэг байжээ. Тоглолтын эхнээс л хоёр баг хамгаалж бариад байлгүй шууд довтолж эхэлсэн юм. “Барса”-гийн хамгаалагчид бөмбөг авах үед “Челси”-гийн довтлогч нар шууд л тулан очиж сандаргаж байсан дүр зураг тоглолтын эхний минутаас л харагдсан. Түүнчлэн Деку, Чави нарыг бөмбөг авахад Лампард, Гудьонсен нар ямар ч эргэлзээгүйгээр гулган орж бөмбөгийг нь таслах гэж амиа тавьцгааж байлаа. Тэр үдэш “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийн талбай арай л хальтиргаа ихтэй байж дээ. Зочин багийнхан талбайн эзэдтэй тэмцэлдэхээс гадна талбайн ая эвийг олох гэж нэлээд зүдэрч байв. Роналдиньо зүүн жигүүрээр довтолгоонд орсон ч хльтирч унаад л бөмбөгөө айлд бэлэглэчих жишээтэй. Энэхүү хальтиргаа гулгаа нь Моуриньогийн хийсэн хийсэн зүйл хэмээн тоглолтын дараа нэг хэсэг шуугисан санагдана. Моуриньогийн энэхүү “тактик” нь ердөө 8 дахь минутанд бодит биеллээ оллоо. Талбайн голд зүв зүгээр бөмбөг эзэмшиж явсан Чави хальтирч унахад Лампард бөмбөгийг булаан аваан шууд л баруун жигүүрт байсан Кежманд дамжууллаа. Моуриньогийн хальтиргаа болон алдарт сөрөг довтолгоо гэсэн хоёр хувилбар нь энд нэгдэж, хурд ихтэй серб довтлогч тууж явсан бөмбөгөө талбайн гол руу Гудьонсенд өгөв. Исланд довтлогч ч Херардыг хальтирч унатал нь дарж хуураад цохин эхний гоолыг хийх нь тэр. Эдүгээ “Барселона”-д хүний тоо бөглөөд сууж байгаа Эйдур Гудьонсен тэр үед “Челси”-гийн “үнэт эрдэнэ”-ийн нэг байжээ. Түүнчлэн Р.Абрамовичийн чамгүй үнээр худалдан авсан М.Кежман “Цэнхэрүүд”-ийн бүрэлдэхүүнд хамгийн гайхалтай тоглолтоо хийсэн юм. Тэр нэг жилийн турш Лондоны багт данстай байхдаа ямар ч гавьяа байгуулаагүй бөгөөд “Челси”-гийн фанатууд түүнийг хожим энэхүү дамжуулалтыг хаясан гэдгээр нь санах байх даа.

Эхний гоол орсноос хойш нэг их удалгүй Лампард тоог 2:0 болгох шахав. Булангаас ирсэн бөмбөгийг Терри толгойгоороо дамжуулан сайхан боломж гаргаж өгсөн ч Фрэнк хаалга давуулаад цохичихов. Эхний үед “Барса”-гийн хамгаалалт шүүрэн шанага мэт байсныг хэлэх хэрэгтэй. 17 дахь минутанд баруун жигүүрээс Жо Коул сөрөг довтолгоон зохион байгууллаа. Тэрээр ван Бронкхорстыг ядах юмгүй хуураад хаалга руу цохиход бөмбөг бүтэлгүй Олегерийн салтаан дундуур гарч, Вальдес хаасан ч Лампард нэмж цохиод гоол болгочихов. Үүнээс хоёрхон минутын дараа “Барселона”-гийн хамгаалалтын алдааг “Цэнхэрүүд” тун ч чадмаг ашиглан тооны харьцааг 3:0, хоёр тоглолтын нийлбэрийг 4:2 болгоодохлоо. Это”О довтолгооны явцад бөмбөгөө таслуулахад Карвалью, Кежман, Лампард нар бөмбөгөнд ердөө ганц ганц хүрээд л Дафф, Вальдес нарыг улаан нүүрээр нь учруулахад ирланд довтлогч илүүрхэв. Энэ довтолгоон үнэхээр гайхалтай байсныг хэлэхгүй өнгөрч яавч болохгүй. “Барселона” ердөө л 11 минтуын дотор хаалгандаа гурвын гурван бөмбөг алдчихаад яах ийхээ олохгүй байсан бол “Челси”-гийн хөгжөөн дэмжигчдийн ёстой л бах нь ханаж байлаа.

Гэхдээ “Барса”-гийн Роналдиньо ид торгон ирэн дээрээ гялалзаж байсныг мартаж болохгүй. Беллетигийн алсын дамжуулалтыг таслах гээд Феррейра өөрийн торгуулийн талбайдаа гарч хүрчихжээ. Үүнийг тун нарийн харсан Коллина эргэлзэлгүй торгуулийн цохилт заав. 11 метрийн цохилтыг Роналдиньо гүйцэтгэсэн бөгөөд Чехийн хурууны үзүүр хүрээд л алдсан юм. Тоо 3:1 боллоо. Одоо л нэг юм “Барса” амьсгаа авахтайгаа болж ирлээ. Удалгүй Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдэг гоолуудын нэг орсон юм. Роналдиньо 16 метрийн торгуулийн зураасны ардхан зогсоно. Харин түүний урд эсрэг багийн гурван ч тоглогч хана мэт хэрэн зогссон байсан ч дундуур нь гарсан өчүүхэн зайгаар цохиод гоол хийчихэв. Петр Чех тэрхүү бөмбөгийг хаалганд орох мөчид л олж харсан гэдэг. Аль хэдийнээ баяраа тэмдэглээд эхэлчихсэн байсан “Челси”-гийн фэнүүд нам болжээ. Хоёр тоглолтын нийлбэр 4:4, тоглолт энэ хэвээр дуусвал эсрэг багийн талбайд хоёр бөмбөг хийснээрээ зочид цааш шалгарах байлаа. Гэвч “Барса” дараагийн шатанд шалгарахад ёстой л хоншоор дутсан юм. Хоёрдугаар үеийн 76 дахь минутанд булангийн цохилт болох үед толгойгоороо тоглохдоо гаргуун Жон Терриг сул орхичихсон юм даа. “Челси”-гийн ахлагчийн мөргөж хийсэн гоол Райкаардын хөвгүүдийн хамаг хөдөлмөрийг нь үгүй хийж билээ. Ахлагч хүн багаа хүнд хэцүү үед ингэж л аврах учиртай аж.

Сэтгэгдэлүүд:

1. Pride of London (зочин) | 2009-04-28 19:02:44
Yu hutsaad bga yum. barca aznii l 2 gool hiisen baihad
2. Edmon (зочин) | 2009-04-28 20:36:27
Ene uneheer goe toglolt shuu uneheer uramtai dovtlogoo hamgaalalt buh zuil ni l goe bsaan
3. Nbr (зочин) | 2009-05-19 22:27:51
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog