
Энэ жилийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээд Английн алдарт “Челси”, Испанийн домогт “Барселона” багууд таараад байгаа билээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Англи, Испанийн топ багуудын тулаан Европын дэвжээг чимдэг байв. Сүүлийн гурван жил таараагүй байсан “эртний танилууд” ингэж нэг дахин учирч, хөлбөмбөг сонирхогчдын нүдийг хужирлах байж дээ. Энгийн нэгэн хөлбөмбөг сонирхогч надаас хэн нэгэн нь өөрийн үзсэн хамгийн шилдэг тоглолтуудаасаа нэрлэ гэвэл эргэлзэлгүйгээр ой тоонд минь тодоос тод үлдсэн “Барса” – “Челси”-гийн алдарт дуэлүүдийг хэлнэ ээ.
Эдгээр багуудын өрсөлдөөн 1999-2000 оны Аваргуудын лигийн шөвгийн наймаас эхтэй. Тэгэхэд “Челси” ердөө л премьер лигийн сайн гайгүй багуудын нэгд тооцогддог байсан “Барса” аль хэдийнээ Европын супер клубын статустай байж билээ. Лондонд болсон эхний тоглолт хэний ч санаанд оромгүй үр дүнгээр төгссөн. Жанлука Виаллигийн удирдсан “Челси” Луи ван Гаалийн “Барса”-г 3:1-ээр хожоод бөөн сенсаац тарив. “Цэнхэрүүд”-ийн шүтээн болсон Жанфранко Зола нэг, норвеги довтлогч Туре Андре Флу хоёр гоол хийсэн бол Каталоны багийн ганц бөмбөгийг Луиш Фигу хийсэн юм. Хоёр долоо хоногийн дараа “Камп Ноу”-д тун ч эгзэтэй тулаан болж билээ. Эхний үед “Барса”-гийн Ривалдо, Фигу нар нэг нэг гоол хийснээр хоёр тоглолтын нийлбэр 3:3 болж, эсрэг багийн талбайд нэг бөмбөг хийснээрээ каталончууд дараагийн шатанд шалгарах байв. Гэвч “Челси”-гийн гайтай довтлогч Флу 60 дахь минутанд “Барса”-гийн хаалгыг мялаачихав. Тоглолтын үлдсэн хугацаанд испаничууд улайран довтолж, англичууд багаараа шахуу хамгаалж байсан нь санаанаас гардаггүй юм. Хожил, хожигдлын дэнсэн дээр байсан тэр мөчид “Барса”-гийн Даниэль Гарсиа тэнцээний бөмбөгийг хийн багаа аварсан билээ. Хоёр тоглолтын нийлбэр 4:4 болж тэнцсэн чухал үед “Барса”-гийн лидер Ривалдо 11 метрийн торгуулийн цохилт алдаж, “Челси”-гийн фэнүүдийг золтой л ухаан алдуулчихаагүй. Хоёр багийн тулаан нэмэлт цагт үргэлжилсэн бөгөөд энэ үед талбайн эзэд тоглолтын санаачлагыг авсныхаа дүнд Ривалдо, Клюйверт нар гоол хийн “Барселона” хагас шигшээ рүү орж байлаа. Гэхдээ 2000 оны энэхүү тоглолт орчин үеийн “Барса” – “Челси”-гийн дуэльд ордоггүй юм. Английн багийг Роман Абрамович худалдан авч, дэлхийн шилдэг одод Лондоны багт алба хаших болсон үеэс хойшхи тоглолтуудыг нь супер дуэлүүдэд тооцох нь илүү зохилтой. Энэхүү дуэлүүдийн гол дүрийн баатрууд нь мэдээж Жозе Моуриньо, Жон Терри, Фрэнк Лампард, Дидье Дрогба, Франк Райкаард, Роналдиньо, Самуэль Это”О нар билээ.
Д.Нанжид




Сэтгэгдэлүүд:
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA
Сэтгэгдэл үлдээх: